Monday, April 29, 2013

Хааныг эзэмшигч “Хаан”


Хөгжмийн хаан төгөлдөр хуурыг төгс эзэмшиж, дэлхий нийтийн сонорыг мялаах сор бүтээлүүдээр бэлэг барьдаг нэгэн хүнийг танилцуулах гэж байна. Энэ бол Ричард Клайдермэн. Тэрээр 1953 оны 12 дугаар сарын 28-нд Парист төржээ. Суут хөгжмийн зохиолчид болох Бетховен, Лист, Шопен, Моцарт зэрэг алдартнуудын хөгжмүүдийг чадварлаг тоглож олны хүртээл болгосноор нь дэлхий нийт түүнийг мэддэг.

<p>Тэрээр голчлон жазз, сонгодог хөгжмийн төрлөөр хайрын сэдэвтэй уянгалаг аяз тоглодог юм. Ричард 6 настайгаасаа эхлэн төгөлдөр хуураар хичээллэсэн бөгөөд 12 настайгаадаа Парисын хөгжмийн дээд сургуульд нууцаар элсэн орж суралцжээ. Ричард хөгжмийн сургуулиа төгссөний дараа нэг хэсэгтээ дагалдан хөгжимчнөөр ажиллаж байв. Түүний амжилтын гараа 1976 онд хөгжмийн зохиолч Paul de Senneville-ийн хорвоод дөнгөж мэндэлсэн охин Аделиндаа зориулж бичсэн “Ballade pour Adeline” хэмээх гайхамшигт бүтээлийг тоглосноор эхэлсэн юм. Түүний энэ сингл итгэмээргүй амжилтанд хүрч, дэлхийн 38 оронд 22 сая хувь борлогджээ. Үүнээс хойш түүний нэр алдар өсч дэлхийд данстай шилдэг төгөлдөр хуурч болсон юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт 250 өдрийн турш 200 аялан тоглолтыг хийсэн нь түүний карьерын оргил үе байв.</p>
<p>Зарим үед Ричард шинэ залуу хөгжимчдийг удирдаж, Холливуудын одод болон, АББА гэх мэт алдартай хамтлаг дуучидтай хамтран ажиллаж байжээ. Хэдийгээр тэрээр дэлхийн шилдэг төгөлдөр хуурч боловч түүнийг урлаг судлаач, шүүмжлэгч нар арга барилын хувьд баригдмал гэж шүүмжилдэг. Түүний үзүүлбэр бүхэлдээ сайн байж чаддаггүй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг байна. 1980-аад оноос хойш хятадын төгөлдөр хуур судлаач нар Ричардын ур чадварын арга барилыг гүнзгийрүүлэн судалж, сургалтандаа ашигласаар иржээ. Түүний тоглосон аяз бүрээс төгөлдөр хуурын хүч, далдын ямар нэг зүйл мэдрэгддэг.</p>
<p>Урлагтай ойр амьдарсан хүний бодолд хэзээ ч хар муу санаа орж ирдэггүй. Хөг аялгуу хүнийг хүмүүжүүлдэг учраас тэр. Хэрэв чи ч бас өөрийгөө болон гэр бүлээ төгөлдөр хуур болон сонгодог хөгжимтэй ойр амьдруулахаар шийдсэн бол дараах сургалтын төвүүдийг санал болгож байна.</p>


Бүжгийн талбай дахь “секс” Салса!

И-расс, и-расс...Алив гараа олигтойхон савлаад, харц дээгүүр, хүчтэй..., илүү хурдан... болж байна бүсгүй минь. Чи өөрийгөө тайзан дээр “секс” хийж байна гээд төсөөл дөө? Эргэлзэх хэрэггүй дээ чи чадна. Энэ бол гайхамшигт, Салса.
Салса бүжиг 1940 өөд оны үед Куба улсад үүссэн хосын бүжгийн төрөл юм. Латин Америкийн бусад бүжгийг бодвол хөдөлгөөн нь энгийн хялбар учраас дэлхийн өнцөг булан бүрт хурдтай тархаж чаджээ.
Анх Куба улсад үүссэн энэ бүжиг одоо Латин Америк, Хойд Америк, Европ, Австрали мөн Азийн зарим орнуудаар өргөн тархсан бүжгийн төрөл болон хөгжжээ. Тийм ч учраас улс үндэстний онцлогоос хамаарч маш олон урсгал болон салбарласан байдаг. Колумб, Казино, Нью-Йорк, Латин, Порто Рико стилийн салсаг жишээ болгон дурдая.
Салсагийн хөдөлгөөн нь ерөнхийдөө Куба үндэстний бүжгээс эх авсан байдаг. Тогтсон хөдөлгөөн, дүрэм журам гэж байдаггүй учир хөгжмийн хэмнэлд тохируулан өөрийнхөөрөө, яаж ч бүжиглэж болдог.
Салса нь цөөхөн үндсэн хөдөлгөөнтэй. Тиймээс сурахад хялбар бүжгийн тоонд ордог. Ерөнхийдөө 4 хэмнэлд 3 товшилтот, 8 хэмнэлд 6 товшилтот хөдөлгөөн хийдэг хурдан хэмнэлт бүжгийн төрөл юм. Мөн энэ бүжигт гарны хөдөлгөөн чухал үүрэгтэй. Гарын уян хатан хөдөлгөөнаар хамтрагчаа урин дуудаж буйгаа илтгэж, бүжгийг жолооддог. Салса гэдэг нь Куба хэлний “Халуухан” гэсэн утгатай үг юм. Тиймээс үүнийг тайзан дээрхи “секс” ч гэж нэрлэж болно.
Эрч хүчтэй, тачаангуй, шийдэмгий, энэ гайхамшигт бүжиг цагт дор хаяж 420 калорийг шатаана. Тиймээс идэвхитэй хөдөлгөөн эрэлхийлж байгаа хүмүүст тохиромжтой. Хурдан хэмнэлт салсагаар хичээллэснээр хөдөлгөөний эвсэл, урлагийн мэдрэмжтэй болж, бие сэтгэлийн тайвшралыг олох болно. Бүжгээр хичээллэдэг хүмүүс хэзээд өөдрөг, өөртөө итгэлтэй, амьдралын баяр баясгалантай байдгийг мэднэ биз дээ?
Төгс бие галбир, эрч хүч, сээтэгнэл, урин дуудал, хурдан хэмнэл энэ бүгд Салса-д багтана. “Салса”-даж байгааг харсан хэн ч өөрийн эрхгүй хөлөө дороо товшилж, түүний хурд хүчинд уусан автах мэдрэмж төрнө...Өд мэт хөнгөн, салхи мэт хурдан Салса!

Monday, April 22, 2013

Дон Кихот- Тайз амилах үеэр

Ховор тэгсэн хэрнээ түүнийг олон түмэн үнэлж чаддаг аливаа зүйлийг үнэ цэнэ гэдэг биз ээ. Тэгвэл Дөрөвдүгээр сарын 21-нд УДБЭТ-т Дон Кихот баллет үнэ цэнээ мэдрүүлэн тоглогдсон юм .Тайз амилах энэ л өдөр “Сервантесийн тэнгэр” нэгэнтээ баярласан биз ээ. Учир нь жилийн энэ л өдөр тайз Кихотоор амилсан юм.

Үнэ цэнийг бий болгохын төлөө үнэхээр олон бүтээлчид хөдөлмөрлөснийг ажин суухад бахдам байлаа. Кихотыг ганцхан удаа тайзан дээр амилуулахын тулд томоохон хөгжмийн оркестр, бүжигчид, жүжигчид, зураач, гэрэлтүүлэгч, арын албаныхан гээд зуу гаруй уран бүтээлчдийн гар бие оролцсон нь нүднээ илхэн харагдана.

Эртнээс төлөвлөчихсөн, бүр ханын хуанли дээрээ тэмдэглэчихсэн байсан хэрнээ мартчихсан байснаа ярих ч юм биш! Найзтайгаа утсаар ярих үеэрээ л санасан гэж байгаа. Цаг нь тулчихсан учраас болих тухай бодон дээш хараад хэвтлээ. Гэсэн ч толгойд минь явах тухай л бодол эргэлдэнэ. Гэнэт ухаан орсон хүн шиг огло үсрэн босоод үсээ хам хум шууж, хар даашинзаа углаж аваад такси хөлөглөн цагтаа амжихаар хурдаллаа. Азаар тун ч уран жолоодогчтой таарав. Жилдээ ганцхан удаа тоглогдох үнэ цэнийг л мэдрэхийн тулд хурдлан очсон минь энэ.

Удирдаач Н.Туулайхүүгээр удирдуулсан хөгжмийн оркестр хөнгөн хэмнэл бүхий хөгжмийн аяаар баллетыг эхлүүллээ. Бүжигчдийн эргэлдэн буух бүрт сэтгэл догдлох ч үүнээс өмнө хөшигний цаана энэ л гүйцэтгэлийг биелүүлэхийн тулд хэрхэн сургуулилт хийж байсан нь сонирхол татаж байлаа. Тайзан дээр бүтээл амилж байхад би бэлтгэлийн үеийг ажиж байгаа мэтээр нүдэндээ үйл явдлыг төсөөлөн суув. “Зогс, зогс! Зөрөөд байна. Алив оркестр дахиад эхлээрэй” гэх үгийг би чихэндээ ургуулан сонсоно. Үнэндээ балетмейстер Б.Жамъяандагва бэлтгэлийн үеэр яг тэгж хэлсэн эсэхийг би мэдэхгүй л дээ. Миний төсөөлөл орчиноос тасарчихсан байгаа юм.

Бүжигчин залуу цав цагаан хувцастай, хэдэнтээ бэлтгэл хийгээд ядарсан болов уу гэмээр хөлс дуслуулсан ядрангуй царайтайгаар нүдэнд үзэгдэнэ. Үнэндээ залуу яг тэр мөчид ганган улаан хүрэмтэй, бахдам инээмсэглэлтэй бүжиж байсан юм. Бүр дээшээ өндөрт эргэлдэхэд улам ч ихээр сэтгэл догдлох нь тэр. Амжилттай гүйцэтгэсэн ч бүтээлчийн унаж, бүтэлгүйтэж байгаа нь л нүдэнд үзэгдэнэ. Яг эсрэгээрээ! Тэгээд дахиад л эхнээс нь давтан хийнэ. Ганцхан хоромыг бодолдоо би хэр удаан сунгаж байгаагаа ч мэдсэнгүй. Хүний төсөөлөл гэдэг ийм уудам.

Бүжигчин бүсгүй ч бас ялгаагүй. Эргэлдэн бүжнэ. Ихэмсэг инээмсэглэл тодруулна. Харин би түүнийг унаж, заримдаа бүр хөлөө бэртээх шахам доош суусан байгаагаар төсөөлнө. Үзэгчдийн нүдийг баясгахын тулд, мэдрэмжийг хөглөхийн тулд ямархан их хичээл зүтгэл гаргадаг болохыг мэдрэхийг хичээж байгаа минь энэ.

Гэхдээ төсөөлөл бүхэн минь сөрөг биш. Хосууд бие биедээ эрхлэлдэн бүжиж, энгэр цээжинд нь наалдан байхад инээмсэглэсэн дүртэйгээр тэднийг төсөөлнө. Тэд хөшигний ард, бэлтгэлийн үеэр бие бие рүүгээ хараад хөгжилтэйгээр хөхрөлдсөн л байж таараа гэж зарим үед бодлогширно. Яагаад ч юм энэ л хөдөлгөөнийг амжилттай гүйцэтгэхийн тулд унаж заримдаа бүр бэртсэн байх гэсэн бодол толгойноос минь үргэхгүй байсан хэвээр.

Баллетчин залуу эмэгтэйгээ дээш өргөх үед түүний нүүрийг шүргэн байх эмэгтэйн хувцасны дэрэвгэр хормой хүртэл сонирхол татна. Дээшээ, доошоо...ширүүн бас тэгээд торон эдлэл бүхий бүсгүйн хормой залуугийн нүүрийг хэдэнтээ шүргэнэ. Тэгсэн ч залуу инээмсэглэсэн хэвээр. Гэтэл бид гудамжинд хэн нэгэн шүргээд өнгөрөх төдийд л дургүйцэн ярвайна. Тэгэхээр хандлагаас л аливаа зүйл хамаардаг байх нь гэсэн бодол бас зурсхийнэ. Хандлага!

- Бараан царай Барселон хотын гудамжинд ер үзэгдэхгүй. Бүгд л инээлдэн хөгжилдөнө. Дээрээс даргалах ноёнтны дээрэнгүй тэнэг үйлдэлд ч бухимдахгүй. Харин ч цөмөөрөө нийлээд хар толгойг нь эргүүлээд өгнө.

Амнаасаа үг унагахгүй ч бүжигчдийн хөдөлгөөн аяндаа энэ бүхнийг өгүүлэх шиг. Өд мэт хөнгөн эргэлдэх өнгө өнгийн даашинзтай үзэсгэлэнт бүсгүйчүүд, хүдэр чийрэг эрс хотын гудамжыг чимэн бүжицгээнэ. Тэдний дундаас дэлбээ цэцэг шиг улаан даашинзтай үзэсгэлэнт Китри, хархүү Базилийн нүдэнд харин ч содон тусна.

- Дурлалт залуугийн харцнаас дэвүүрээрээ өөрийгөө халхалсан ч дэнгийн эрвээхий шиг залуугийн бүжилт дэргэдээс нь холдомгүй болгов гэнэ.

- Сэтгэл татагдсан тэдний хооронд сэв суух зай үгүй болов. Санаагаар болохгүй тэдний дурлалд саад хийж аав нь дургүйцэв. Ядуу үсчин залуу яагаад ч аавд нь таалагдсангүй. Яаж ийж байгаад язгууртан Кихотод охиноо өгөхөөр санаархав.

Балет ийн үргэлжилнэ. Үйл явдлыг тийм ч сайн ажиглаж чадаагүй минь үнэн. Мэдрэмж, бодол минь намайг тайзны ар тийш “чирээд” байсан юм. Бүжигчин бүсгүйчүүд өнгө өнгийн гоёмсог даашинзыг сольж өмсөнө. Ухлаадас нь таарахгүй байна гэж урвайсан нэгэн хөшигний ард байсан л байх даа гэж бодогдоно. Тэгэх үед оёдолчны шаламгай хөдөлгөөн нүдэнд харагдана.

Үзэгдэл дуусах үед буух бухын тойрог бүхий хөшгийг хэн гэдэг зураач хэрхэн урласан нь бас л сонирхол татна. Оёдолчин ч тэр, зураач ч тэр, бүр хөшиг хүртэл тайз амилах мөчийг хүлээж байсан биз. Хэдий тэд тайзны ард ч тэдний бүтээл тайзан дээр амилж байгаа нь энэ.

- Ноён Кихотын хөрөнгөд нэг ч хүн дурлахгүй, нээрэн тэд бүгдээрээ нэг зүйлд л аз жаргалтай байцгаана. Эргэлдэн бүжнэ. Бүр дээшээ! Алга ташилтын хөнгөн хэмнэл амраг хосуудыг улам ч хөглөнө.

- Баян ноёнтой суулгах гэсэн Базиль аавын аргад бууж өгөхгүй. Китри бүсгүй учирлаж нэг үзнэ, уурлаж нэг аргадна. Аавын үгээс илүүтэй амраг сэтгэл бүсгүйд чухал. Эд хөрөнгөөс илүүтэй энхрий хайрт нь түүнд илүү.

Эргэлдэн буух бүжигчид эгээ л багваахай шиг харагдана. Яаж ийм өд шиг хөнгөн бүжиж, хөвчрөн эргэлдэж чаддаг юм бэ? Тайз амилах үеэр л... Танхим дүүрэн алга ташилт нижигнэнэ. Тэдний бараг тал нь бяцхан үзэгчид. Морин хийлч өвөө нэг гараараа илбэчнийх шиг хар малгайгаа тавьж нөгөө гараараа зээ охиноо хөтөлсөөр театраас гарч одлоо.

2013.04.21

Sunday, April 21, 2013

Хайрыг хөгжимдсөн үдэш

Цагийг нь тулган очиж байгаадаа гэмшингүйгээр СТӨ-ний хаалгаар орлоо. “Playing love-III” буюу Монголын болон дэлхийн киноны шилдэг хөгжмөөс дээжлэн хүргэдэг Морин хуурын чуулгын тоглолтыг зорьж байгаа минь энэ.

Урилгын суудал маань хамгийн дээд эгнээ буюу гурван давхарт байрлах бельтажны ганц суудал байлаа. Тэнд таарсан нэгэн танил маань хэнтэй явж байгааг минь асуухад “ганцаараа” гэж хариуллаа. Тэрээр гайхсан янзтай нэг том харчихаад инээмсэглээд өнгөрөв. Би дотроо “яадаг юм, ганцаараа үзвэл илүү сайхан” гэж бодонгоо суудлаа хайхаар явлаа. Үнэндээ урилга өгсөн эгчээс “хоёрыг авч болох уу” гэж асууж зүрхлээгүй юм л даа. Гэхдээ дараа нь бодоод байхад ганцаараа үзсэн нь харин ч оносон юм шиг санагдсан.

Тэнд би ганцаараа тэнгисийн дунд уусан шингэж, тэртээх хөлгийн хэрхэн аялахыг ажин суухдаа таатай байсан юм. Тайзны гэрэл тод биш өнгөөр ээлж дарааллан солигдоно. Тэгэх бүрт сарны гэрэл далайн хөвөөн дээр ойхдоо ингэж харагддаг боловуу гэсэн бодол төрж байлаа. Тайз надад яг л хөлөг онгоц шиг санагдсан. Түүн дээр байгаа хөгжимчид хөлгийн баатрууд. Удирдаачид бол мэдээж хөлгийн ахмад. Харин танхим дүүрэн ирсэн үзэгчид бол далайн давалгаа. Тиймээ би өөрийгөө далайн намуухан давалгааны нэгээр төсөөлж байсан юм.

Хөлөг онгоц товлосон цагтаа замдаа гарлаа. Тэд зангуугаа татан, далбаагаа сүр жавхлантайгаар өргөх мэт Hans Zimmer “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны аяаар аялалаа эхлүүлсэн юм. Үзэгчид энэ л аяыг хүлээж байсан уу гэмээр алга ташин тэднийг “давалгаалууллаа".

Хайр бүхэн өөрийн гэсэн хөг эгшигтэйг тэгэхэд би илүү мэдэрсэн. Хүний сэтгэл доторх “цаг агаар”-ыг хайр л хуйсагнуулан байдаг. Нэг өдөр нартай, заримдаа шиврээ бороо зөөлнөөр орж байхад дараагийн өдөр нь хуй салхитай, далайн түрлэгтэй. Ялангуяа хаврын энэ өдрүүдэд хүний сэтгэл хавартайгаа адилхан бүр ч олон янзын ааштай болдог бололтой. Харин тэр өдөр танхимд хичнээн ч төрлийн “байгалийн үзэгдэл” болсон юм бүү мэд! Гэхдээ л хайр бүхэн гайхалтай.

Анхны хайрын сэтгэлээ илчлэхэд сэтгэл ямархан ихээр догдолдгийг Д.Болдын “Би чамд хайртай-2”-оос, санаандгүй учралаар дайралдсан хэн нэгний шохоорхсон харцыг З.Хангалын “Гэрлэж амжаагүй явна” киноны аяаас илүү тод мэдрэгдэж байлаа.

Удирдаачид буюу хөлгийн ахмадууд хаврын тэр нэгэн өдрийн далайн түрлэгийн аашийг үнэхээр сайн мэдэрч байсан шүү.Үзэгчдийн сэтгэл хөдлөл, уусал, өрнөл, уярал бүхэн цөм гайхалтай. Далайд хүчтэй салхи дэгдэхэд далбаагаа өргө! гэх шиг удирдаач өлмийгөө өргөн гараа зангана. Харин салхи тогтуун болох үед намуухнаар гараа “бүжиглүүлнэ”. Тиймээ түүний гар бүжиглэж байсан. Тэгээд бас өлмий дээрээ дэгдэж байсан.

Хайр өөрөө өргөн агуулгатай. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биенээ хайрлахаас гадна өөр олон хайрын аяз тэнд эгшиглэж байсан юм. Эзэнгүй ч гэлээ бариандаа орохын тулд хурдлан байгаа хүлэг морио хараад өрөвдөн хайрлах эзэн хүний сэтгэлийг Г.Жанцанноровын “Тод магнай”-гаас, Эх орон, эзэнт гүрнээ хамгаалах омогшил бүхий хайрын сэтгэлийг “Мандухай сэцэн хатан” киноны аязаас илүү тод мэдрэгдэж байсан.

Зарим үед бүр киног нь үзэж байснаас илүү ихээр сэтгэл догдолсон гээч. Дучин Алтанцэцэг “Суварган цэнхэр уулс” киноны дууг танхим цуурайттал дуулсан хойно л би сэтгүүлч бүсгүйд сэтгэл нь хоргодон байгаа цэрэг эрийн булгилам зүрхийг мэдрэх шиг болсон. Миний зүрх тэр үед залуу цэргээс дутахааргүй булгилж байсан.

Хүн бүхэн хүүхэд насны дурсамжиндаа хайртай байдаг. Бага насыг нь аз жаргалтай болгодог байсан Юрий Антановийн “Ну Погапи” хүүхэлдэйний дууг танхим дүүрэн зочид хөөрцөглөн сонсож байсан. Хүүхэлдэйгээ эхлэх бүрт гараа ташин баярлан гүйдэг байсан минь хүртэл санаанд орсон шүү.” Дү рүрү, дү рүрүрү, бабаба ба бам!” гээд л....

Удирдаачид хөлөг онгоцоо тун чадварлагаар жолоодож байсан. Удирдаачдын гарын ганцхан дохилт энэ олон хөгжимчдийг хэрхэн удирдаж байгаа нь миний сонирхлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Хэрэндээ л хаана ямар хөгжим эгшиглэж байгааг олох гэж нүдээ цуцахыг ч анзааралгүй хайж байлаа. Заримдаа сонсголоороо ямар хөгжим хаана эгшиглэж байгааг олох гэж хичээх нь ганцаараа сууж байгаа надад таатай санагдана. Хоёрхон чавхдаст морин хуур маань ямар ч хөгжмийн оркестртой гайхалтай хоршиж бүр сайхан гоцолж байгааг харахад сэтгэл бахдам байсан.

Тоглолт тэр чигтээ гайхамшиг. Гэхдээ бяцхан сурагч Ариунсанаа “Skyfall” киноны дууг дуулсан нь тоглолтыг бүр ч илүү гайхалтай болгож байлаа. Тэрээр далайн шуурга дэгдэхэд түүнийг намжаахаар гарч ирсэн лусын дагина мэт. Түүний дуу хоолой энэ бяцхан охины хаанаас нь гараад байна аа гэж дуу алдмаар сайхан байсан.

Ennio Moriconne “Playing love”-ийн намуухан аязын үеэр л би бага зэрэг ганцаардсан. Сар дээр хөөрч, далай намуухан давалгаалж байх үед л ийм аялгууг мэдэрч болох юм шиг санагдсан. Өөр хаана ч биш. Мөрөөдлийн ханхүүгийнхээ мөрийг дэрлэх гэж байхад ая дуусчихсан нь бага зэрэг харамсалтай. Тиймээ би төсөөлсөн юм. Тийм уянгалаг, удаан ая яагаад ийм хурдан дуусчихдаг байна аа гэж харамссан. Уг нь дахиад жаахан л эгшиглэсэн бол түүнийхээ мөрийг дэрлэх байсан юм.

Хөлөг эрэг рүү дөхөж байгааг би мэдэрч байлаа. Аажуухнаар зангуугаа буулган эрэг дээр ойртоход үзэгчид, далайн түрлэгүүд биднийг битгий орхиоч гэсэн шиг алга нижигнүүлсээр байлаа. Зангуу газарт унах шиг тайзны хөшиг ч бас газарт буулаа.

2013.04.13

Saturday, April 6, 2013

Нээрэн би чамд хэллүү?

Нээрэн би чамд хэллүү?
Газарт битгий буугаарай гэж...
Амсхийхдээ мөчир дээр л суугаарай
Алаг толгойтой тас шувуу шиг
Уйлахдаа битгий цээжиндээ хадгалаарай
Урсгачихаж мэднэ чиний өд сөдийг
Хайрлахдаа битгий хөнгөн байгаарай
Хайрчихаж мэднэ чиний дэвэлт тэднийг
Халамцахдаа битгий омголон байгаарай
Харавчихаж мэднэ чиний далавчийг
Хэтэрхий өндөрт битгий нисээрэй
Хэтрээд огторгуйгаас гарчихаж мэднэ
Нээрэн би чамд хэллүү?
Нисэх мөрөөдөлтэй гэж...
Нэг боломж гарвал
Намайг жигүүртээ багтаагаарай.
2013.04.06

Friday, March 29, 2013

“Инээмсэглэлийн Хаан”-аас илгээх захидал

Харцаа нуух хэрэггүй дээ хонгор минь. Гуниг, жаргалыг чинь түүнээс л би тольддог юм. Харин ч хараа өөд, нуруу цэх алхаач дээ. Жаргалтай үедээ харцаа илүү тогтуун гүн тунгалаг болгоорой. Сайхан зүйл бодохын төдийд л харц өөрөө цэлмэчихдэг юм. Яг тэр үед чамайг харахад харцанд чинь уусан орчихмоор тийм тунгалаг, тийм гүн гүнзгий санагддаг.

Гэхдээ чиний тунгалаг харц яг л өдрийн од шиг цөөхөн. Ихэнхдээ газар шагайж, аль эсвэл хөмсөгөө зангидаж явах юм. Үүнээсээ болоод чи урьд нь хэзээ ч таарч байгаагүй хүн рүүгээ заримдаа гудамжинд санаандгүйгээр муухай хараад өнгөрчих нь бий. Угтаа бол тэгж хараад л сурчихсан хэрэг шүү дээ. Чи инээж байхдаа илүү хөөрхөн гэдгээ мэддэггүй байх аа. Аль эсвэл сайхан зүйлийн тухай бага боддог байх. Тэгээд л өөрийн мэдэлгүй харцаа ширүүлчихсэн явдаг байх. Амьдралд талархах олон шалтгаан байхад яагаад гуниглах ёстой гэж? Өдөр бүр бидний амьдралыг гэрэлтүүлдэг наранд, өөрт чинь хайртай хүмүүст, найз нөхөддөө, өглөө жиргэх шувуудад, өндөр ургадаг модонд гээд л өдөр бүр талархаад ч багадмаар олон зүйл байхад шүү. Чиний жаргалтай харцаар чинь “гүүр” хийгээд чамайг би тольдмоор байна шүү дээ.

Чамд нэг нууц хэлэх гэсэн юм. Зөвхөн инээмсэглэсэн үед чинь л надад чамайг харах боломж олддог. Яагаад гэвэл би “Инээмсэглэлийн Хаан”. Над шиг өөрт чинь дурласан , тэгсэн атлаа инээмсэглэлд чинь илүү их татагдсан нэгэн олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм болохоор би хөөрхөн нүдэнд чинь илүү их хайртай. Хөөрхөн гэдэг нь инээмсэглэхээрээ онийлгодог чиний тэр нүд шүү дээ. Тэр үед чи үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Яг тэнгэр өөд харахад сэтгэл уужирдаг шиг. Чамайг хараад л баймаар, чам шиг нүдээ онийлгож байгаад өөдөөс чинь инээгээд л баймаар санагддаг. Тийм болохоор хаа нэгтэйгээс намайг харж байгаа гэж бодоод үргэлж инээмсэглэж байгаарай.

Эртээд чи гудамжинд явж байхдаа бяцхан, ягаан хүрэмтэй охин руу ямар тунгалаг харцаар харсан гээч. Чи өөрөө бараг санахгүй байхаа даа. Үл мэдэг инээмсэглэх хэрнээ, ичингүйрсэн чиний харц үнэхээр хөөрхөн харагдаж байсан шүү. Тэгэхэд чи юу бодсон бэ, би таах уу? Хэзээ ч юм би нэг өдөр ингээд л бяцхан гүнжээ дагуулаад явах байх даа гэж бодсон, тийм үү? Би бараг л таачихсан. Яагаад гэвэл чи одоо инээмсэглэж байна. Тэгээд хаа нэгтэйгээс би чамайг хараад сууж байна. Тиймээ, чи үнэхээр хөөрхөн юм, бас их сэтгэл булаам! Инээмсэглэлийн хаан чамд дурлачихаад байна. Харин удахгүй Дурлалын хаан чам дээр айлчлах байх...

Чамайг би гуниглуулаагүй
Угаас л ийм гунигтай хүн байж
Чамаар би нүд, болжмор, шувууд, навчийг хэлүүлээгүй
Чамаас л гардаг үг байж
Мэдрэмж чинь одооных биш эртнийх
Мэдээж хэзээ нэгэн цагт мэдэрчихсэн байж
Цаг хугацааг өөртөө зогсоочихоод
Цас газарт унахыг ширтсээр суудаг байж
Үнэндээ тэр цас газарт унахдаа бороо болсон юм.
Бүр хаврын анхны бороо шүү!!!
2013.02.05 Ш.Х-т